Тэнэг зүрх минь
Нэг халаасандаа жижиг ус, нөгөө халаасандаа хоёр гэрээ хийчихээд автобусанд гиюүрч явахдаа бодсон юм. Тархины минь гацалт сэтгэлийн минь хурд хоёрын зөрчилдөөний тухай. Ихэнх хүмүүсийн яаж тэгж амар, хялбар амьдраад байгаад атаархдаг юм. Ингэлээ, тэглээ, ийм байна, тийм байна гэнгүүд шууд шийдчихдэг, шийдэл нь бэлэн байдагт. Заа зүү, ингэе тэгье. Тэгээд л болоо. Ингэвэл яах уу, тэгвэл яах бол, энэ хүнд ингээд хэлчихвэл яадаг бол, тэгчихвэл төвөг болчихдог юм болов уу гэсэн эргэлзээнд ороогдож цаг алдахгүй эхэнд төрсөн бодлоороо л шууд шийдчихдэг, зоригтой тархитай хүмүүс. Харин миний зүрх шийдвэр гаргахдаа дэндүү хурдан, адгуу. Зарим найзууд минь намайг зоригтой гэж магтдаг ч би бол өөрийгөө тэнэг, тэвчээргүй гэж шүүдэг. Хэн нэг хүн таалагдвал хүлээнэ, ажна гэж ёстой байхгүй түрүүлж дандаа алддаг, тэсгэл муутай яаруу зүрхтэй. Гэхдээ түрүүдэж алддаг ч тэнэг зүрхэндээ бол үнэхээр хайртай. Хэзээ ч хүнээс хариу хүлээж, янзыг нь харж, амыг нь дагуулж, өөрийгөө хуурдаггүйдээ баярладаг. Хэлмээр байвал хэлчихдэг, хиймээр санагдсанаа оролдчихдог, шархалж өвдсөн ч эргээд л алддаг балчирхан, бүтэл муутай Миний яаруу зүрх, зоригтойдоо шархалсан гэнэхэн зүрх, өчнөөн алдсан ч үл суралцах тэнэгхэн зүрх минь, хоёулаа ахиад зөндөө алдаж олон шархална даа.