Навч
Гэрийнхээ нэг навчинд би их хайртай. Уг нь байдаг л нэг ногоон навч. Гэхдээ бусад навчнаасаа жаахан өөр хэлбэртэй. Голоороо хуваагдчихсан юм шиг, гэхдээ яг тэгш хэмээр. Сонин юм, ингээд бодоход цэцэгнээс илүү навчинд хайртай байх юм. Хүсэн хүсэн ургуулсан цэцэг минь үхэхэд өвдөх өвдөлт, тэр шаналалаас зугтахдаа навчийг өхөөрддөг байх. Гандаж үхсэн ч гунихгүй байхын тулд. Ямар амиа бодсон хүн бэ би, ингэхэд, тийм байгаа биз?
Ээж минь сарнай, лилинд дургүй ч цэцэг тарих их дуртай. Цэцэг үхүүлж яах юм гэнэ. Үнэн л дээ, би ч цэцгэнд тэгж их дурлаад байдаггүй. Удахгүй хатаж, гандах тэр үзэсгэлэнт дэлбээ, үйрч дуусах үхлээс нь урьтаж үрэх мөнгө маань бодогддог юм. “Удахгүй үхэх юмыг үнэ мөнгөөр худалдаж авах гэж” гэж хүмүүсийг дотроо шүүнэ. Уг нь бол лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаа байж уу. Төгсөлтийн баяр дээр ирэхдээ ээж минь цэцэг авчих уу гэж асууж билээ. Яах юм гэсэн ч ээж “Ёслол шүү дээ” гээд сарнайн боодол бариад ирсэн, гэхдээ хиймэл л дээ. Одоо ч гэрт байж л байна, үхэхгүй юм чинь. Үхсэн сарнайг хадгалаад байдаггүй биз дээ? Харин эгч минь тасалгааны таримал цэцэг бэлэглэсэн юм. Хайрлаад байгаа навч минь тэр цэцэгнийх.
Ингээд бодохоор цэцэгний үхлээр баяраа чимдэг бид бас харгис байгаа биз?
Уг нь би цэцгэнд дуртай байсан юм. Дуртайгаар барах уу хайрладаг байсан юм. Хайрлах хайрлахдаа ганцыг биш бүгдийг нь, бүхлээр нь хайрласан.
Үнэр тансаг,
Үзэсгэлэн төгс цэцгийн хүлэмжтэй
Үзээд ханшгүй,
Үгээр хэлэмгүй дурсамжын цомогтой
Байв. Байсан. Байжээ. Байж билээ.
Ойлгоорой, өнгөрсөн цаг дээрх харууслаа хэрхэн илэрхийлэх аргаа олдоггүй ээ. Юутай ч би цэцгийн хүлэмжтэй, олон сайхан дурсамжтай байсан юм. Цэцэг бүр минь нарны туяан дор дэлбээлэн ургаж, намайг баясгадаг, баяссан би нахиа бүрийг нь өхөөрдөн аждаг байсан ч дэндүү сайхан ургасан цэцэгнүүд минь миний муугаас болж хатаж эхэлсэн юм. Навч нь нэг нэгээр унана. Шарлаж гандана.
Нэг,
Хоёр
Навч
Хувирна.
Нэг,
Хоёр
Навч
Гундана.
Айсан юм, надаас болоод унаж буй навч, хатаж буй дэлбээ бүрийг нь хараад
Ургуулж болох л байсан байх, гэхдээ чадаагүй ээ. Айсандаа, эмээсэндээ бүгдийг нь гаргаад хаячихсан. Анхнаасаа цэцэг ургуулахгүй байх минь яав гэж өөрийгөө зүхсэн. Тэрнээс хойш ахиж цэцэг ургуулах битгий хэл харахыг ч хүсээгүй. Гэтэл энэ навч, эрэмдэг ч юм шиг, эгэлгүй ч юм шиг, энэ хөөрхий навч. Одоо би цэцэг биш навчийг л хайрлана. Цэцгэнд хайртай олон хүн бий. Навчийг харин хайрладаг юм уу, мэдэхгүй. Хайрлах ганц нь би байя гэж том ам гарахгүй ч шарлаж, гандсан ч гаргаж хаялгүй, чадах чинээгээрээ усалж тордоно оо.